БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ PDF Хэвлэх И-мэйл
There are no translations available.

IDRC олон улсын байгууллагаас санхүүжүүлж буй “Dream IT” төслийн хүрээнд МУИС,

МКС-иас хэрэгжүүлж буй Монгол улсын их дээд сургуулиудын програм хангамж,

МХТ-ийн чиглэлийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулах нь сэдэвт дэд төслийн судалгааны үр дүнд үндэслэн гаргасан бодлогын зөвлөмж

 

 

Дэд төслийн талаарх товч танилцуулга. Дэд төслийг Монгол Улсын Их сургуулийн

  1. А.Амарзаяа
  2. С.Уянга
  3. О.Отгоннаран
  4. Н.Мөнхцэцэг

нарын бүрэлдэхүүнтэй багш нарын баг голлон хэрэгжүүллээ.

 

Судалгааны зорилго нь

  • Их дээд сургуулиудад мөрдөгдөж байгаа МХТ-ийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг үнэлж, түүний дунд сургуулийн мэдээлэл зүйн хичээлтэй холбогдох холбоог судлах
  • Их, дээд сургуулиудад хэрэгжиж байгаа програмчиллын төрлийн хичээлийн хөтөлбөрийг Ази улсын зарим их, дээд сургуулиудын хөтөлбөр, ACM, IEEE зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас гаргасан хөтөлбөрийн зөвлөмжтэй хэрхэн уялдаж байгааг харьцуулан судлах
  • Их, дээд сургуулиудад хэрэгжиж байгаа програмчиллын төрлийн хичээлийн хөтөлбөрийн загвар боловсруулах
  • Их дээд сургуулиудын мэргэжлийн бус ангийн оюутнуудад зориулсан МХТ-ийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн загвар боловсруулах
  • Ажил эрхлэгчдээс програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгсөгчдийн талаарх сэтгэл ханамжийг судлах зэрэг байв.

 

Дээрх судалгаа болон хөтөлбөрийн загвар боловсруулах явцад дараах бодлогын зөвлөмжийх гаргаж байна.

 

Ерөнхий зөвлөмж

  • Ажил олгогчдын дунд явуулсан судалгаагаар програмчилал, мэдээллийн технологийн чиглэлээр хувийн сургууль төгсөгчдийн дийлэнхийнх нь мэдлэг, чадвар ажил эрхлэгчдэд гологдож байгаа нь ажиглагдсан тул энэ чиглэлээр сургалт эрхэлж байгаа хувийн сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх, хяналт, үнэлгээ хийх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, шинэчлэх, магадлан итгэмжлэх ажлыг холбогдох эрх бүхий байгууллагууд хэрэгжүүлэх нь зүйтэй.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиудын төгсөгчдийн нэр хүнд өсөн нэмэгдэж байгаа байдал ажиглагдаж байгаа бөгөөд эдгээр сургуулиуд мөн ажил олгогчдын дунд төгсөгчдийнх нь нэр хүнд сайн байгаа МУИС, ШУТИС зэрэг сургуулиудын туршлагыг судлах, бусад сургуулиудад сурталчлах ажлыг БСШУЯ-наас зохион байгуулах шаардлагатай.
  • БСШУЯ-ны одоогийн мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөөний формат нь
  1. Тухайн хичээлийн индекс
  2. Хичээлийн нэр
  3. Оногдох багц цаг
  4. Хичээлийн өмнөх холбоо
  5. Уг хичээл орох улирал

зэргээс тогтож байгаа нь сургалтын хөтөлбөрийг зорилго, агуулга, онцлог, давуу болон сул талыг         тусгахгүй байгаа сул талтай учир хөтөлбөрийн форматыг шинэчлэн өөрчлөх шаардлагатай. Энэхүү шинэчилсэн форматын загварт тухайн хичээлийн зорилго, агуулга, агуулгын хамрах хүрээ, хичээлийн бүтэц (лекц, семинар, дадлага), ашиглах материал, заах арга зүй зэргийг тусгасан хөтөлбөрийн тухай мэдээллийг бүрэн агуулсан баримт бичиг байх зарчмыг мөрдөх хэрэгтэй.

 

Их дээд сургуулийн “мэдээллийн технологи, мэдээллийн систем” ерөнхий эрдмийн сургалтын талаар

 

  • Их дээд сургуулийн МХТ-ийн ерөнхий эрдмийн сургалтын агуулга нь ЕБС-ийн мэдээлэл зүйн сургалтын агуулгатай ижил, залгамж холбоогүй, ахисан түвшний агуулга байхгүй агуулга нь давтагдан, хэрэглээний түвшин ахихгүй байгаа байдал ажиглагдаж байгаа учир дутагдлыг арилгах арга хэмжээ авах.
  • Улсын хэмжээнд их дээд сургуулийн МХТ-ийн ерөнхий эрдмийн хичээлийн нэгдсэн стандарт, хөтөлбөр байхгүй байгаа учир үндэсний стандарт, түүнийг хэрэгжүүлэхэд тусламж болсон загвар хөтөлбөр боловсруулах шаардлгатай.
  • Суралцагсдын МХТ-ийн суурь мэдлэг буюу ЕБС-иас олж авсан МХТ-ийн мэдлэг, ур чадвар харилцан адилгүй, нэг түвшинд байдаггүй нь их дээд сургуулийн МХТ-ийн ерөнхий эрдмийн хичээлийг хэвийн түвшинд зохион байгуулахад хүндрэл учруулж байна. Иймд модульчилсан сургалт, хичээлийн сонголтын боломж бүхий оюутны удирдлагын мэдээллийн систем нэвтрүүлэх зэрэг сургалт зохион байгуулах оновчтой арга зүйн талаар сургалт, мэдээллээр сургуулиудыг хангах арга хэмжэ авах.
  • МХТ-ийн ерөнхий эрдмийн сургалтын зохион байгуулалт хангалтгүй байгаа нь МХТ-ийн мэргэжлийн сургалтыг үр ашигтай зохион байгуулах болон бусад хичээлд МХТ-ийг ашиглахад сөргөөр нөлөөлж байгаа учир БСШУЯ-наас хяналт, үнэлгээг идэвхжүүлэх, мэргэжлийн сургалтад МХТ-ийг ашиглах арга зүйн зөвлөмж, мэдээллээр хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх.

Програмчилал, мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөртэй холбоотой

 

  • Төгсөгчдийн онолын мэдлэг хэт ерөнхий, амьдралд хэрэглэгдэхгүй байхын зэрэгцээ зайлшгүй шаардлагатай орчин үеийн технологи эзэмших, гадаад болон эх хэл, салбарын хууль эрх зүй, бусад холбогдох салбарын мэдлэг зэрэг нь хангалтгүй байх зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн зах зээлд хангалттай мэдлэг, чадвартай, мэргэшсэн төгсөгчид гарахгүй байгаа нь ажил олгогчдыг шинээр авсан чанаргүй боловсон хүчнүүдээ дахин сургаж, дадлагажуулах ажилд их хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарахад хүргэж байгаа учир төгсөгчдөд практикт хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар олгоход сургалтын хөтөлбөрийг чиглүүлэхэд анхаарч ажиллах
  • Салбарын хурдацтай хөгжиж байгаа онцлогтой уялдан цаг тутамд шинэ мэргэшлүүд үүсч байгаа нь сургалтын хөтөлбөрийг зах зээлтэйгээ байнгын эргэх холбоонд уян хатан, динамик байдлаар бүтэцжүүлэхийг шаардаж байгаа учир тодорхой хугацааны давтамжтай(3-5 жил тутам)-гаар програмчилал, мэдээллийн технологийн чиглэлийн хичээлийн хөтөлбөрийг шинэчилж, сайжруулж байх механизм бий болгох.
  • Оюутнуудын дадлагын хичээлийн хамрах хүрээ, агуулга, хугацааг ихэсгэх, нарийвчлан тогтоох шаардлагатай
  • Сургуулиудын хөтөлбөрөөс харахад нийгэмшил, хүн хоорондын харилцаа, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвар, мэргэшлийн ёс зүй зэрэг дээд боловсролын зорилгын салшгүй нэг хэсэг болох бие хүн төлөвшүүлэх үйл ажиллагаа нь орхигдох явдал нийтлэг ажиглагдаж байгаа учир энэ чиглэлд сургуулиуд анхаарч ажиллах.
  • Багшлах боловсон хүчний дутагдалтай байгаагаас үүдэн сургуулиудад орчин үед шаардлагатай шинэ хичээл, курс орох боломжгүй байдал хүрэх тохиолдолд ажиглагдлаа. Иймд БСШУЯ-наас санаачлан улс, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын програмчилал, мэдээллийн технологийн мэргэжлийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай.

 

 

 

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдлээ бичнэ үү

жижиг | том

busy