| СЭТГЭХҮЙН ТЕРРОР ... |
|
|
|
| Бичсэн Administrator |
| 2010 оны 6-р сарын 09, Лхагва гариг, 06:27 |
|
Орчин үеийн сэтгэл заслын туршлагаас харахад видеомания буюу дүрсэд донтох хүмүүсийн тоо ихэссээр байна.
Ер бусын энэхүү ертөнц гэгчийг хүн өөрийн сэтгэхүйн өнцгөөс янз бүрээр харж, тусгаж авдаг. Харин бид зөвхөн өөрийн сэтгэхүйн онцлогоос хамаарч гадаад болон дотоод ертөнцөө танин мэддэггүй. Үүнд гадны нөлөө яалт ч үгүй үнэмлэхүй хэмжээгээр нөлөөлсөөр байдгийг олон олон орны судлаачид, мэргэжилтнүүд туршлагаараа нотолсоор байна. Мэдээж хүн болгонд энэ хорвоод мэндэлснээс хойш нөлөөлж буй эцэг эхийн хүмүүжил, боловсролын сургалт, хүн хоорондын харилцаа сэтгэхүйд нь асар том ул мөрөө үлдээсээр байдаг. Гэвч хүн ардад, “масс”-ын сэтгэхүйд хурдтай бас хүчтэй нөлөө үзүүлж байгаа зүйл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Тэдний ачаар л өнөө цагт өөрийгөө яг хаахна юу хийж яваагаа, цаашид хэрхэн амьдрах баримжаагаа олж, басхүү оюуны хэрэгцээгээ хангадаг тал бий. Дашрамд хэлэхэд энэхүү сэтгүүл ч таны сэтгэхүйд нөлөөлж болох нэгэн хэрэгсэл. Гэхдээ эерэгээр хэмээн найднам. Сайн талаас нь харвал Хэвлэл мэдээллийн хэрэгсэл биднийг орчин тойрны үйл явдал, танин мэдэхүйн болон, амьдралд маань хэрэгтэй мэдээллүүдийг цаг бүрт нь хүргэдэг, хүмүүсийн сэтгэхүй, цаашлаад сэтгэлгээнд эерэг хандлага бий болгох тун сайн эд. Гэтэл “хүний мууд дуртай” бидний занд тулгуурлан саар талаа илүү харуулах болсныг бид нийгмээсээ, өөрсдийн зан үйлээс харж болно. Та эргэн тойрноо нэг нухацтай хараарай л даа, энд тэндгүй зар сурталчилгааны эрээн мяраан цэгцтэй, цэгцгүй хадсан хаяг, реклам, таалагдам таалагдамгүй, заримдаа хэн сонсдог байнаа гэмээр дуу хөгжим, эцэс төгсгөлгүй рекламнууд мөн зурагт радиогоор хөвөрнө. Эдгээрээс болж хааяа танд галзуурмаар, залхмаар санагдаггүй гэж үү? Яагаад бид хүмүүст итгэл хүлээлгэхээ больчихов оо, яагаад бид хүнийг зүгээр л байгаагаар нь хайрлахаа больж байна аа, яагаад бид хэн нэгэнтэй адил болох гэж өөрийгөө ч хэн болохыг мартах дээрээ тулаад байна вэ, яагаад бид хүсээгүй атлаа хүчирхийлэл үйлдсээр байна вэ? Бидний сэтгэхүй хэвийн л байгаа даа... Хүмүүний хамгийн чухал үнэт зүйл болох итгэх, энэрэх, хайрлах сэтгэл улам л хумигдсаар байна. Магадгүй бид зурагтаар, сонин сэтгүүл, радиогоор цацагдах аллага, хүчирхийлэл, луйвар, атаа хорсол, хэрүүл тэмцэл, хов живийн талаар хэт их үзэж сонссоор тархиа ядрааж, өөрсдөө ч тэдгээрт итгэн, сэтгэл санаагаа хямраасаар байгаа байх. Эдгээр сөрөг үр дагаварыг бий болгоход хэвлэл мэдээллийг хэрэгслүүд, тэр дундаа телевиз маш ихээр нөлөөлж байгааг холбогдох судалгаа шинжилгээнүүд харуулсаар байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дундаас хамгийн ихээр хүмүүсийн анхаарлыг татаж чаддаг, мөн тэр хэмжээгээрээ тэдэнд нөлөөлж чаддаг нь телевиз. Өнөөгийн байдлаар монгол орон хэдий эдийн засгийн хувьд хөл дээрээ бат зогсоогүй ч гэлээ, айл бүр телевизтэй байхад тийм ч саад болоогүй ээ. 20-иод жилийн өмнө ганц байсан монгол телевизийн тоо одоо аль хэдийн нийслэл хотноо л гэхэд 20 дөхөж байна. Тооны хэмжээг харахад баярламаар боловч, чанарт нь анхаарал хандуулахад төдий ч үр дүн харагдахгүй байсаар. Монголын хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан, 2009 оны судалгаанаас харвал, манай үзэгчдийн өдөрт зурагт үзэхэд зарцуулдаг хугацаа дараах үзүүлэлттэй байсан байна. Үүнд: 1 цагаас бага – 7,7%, 1-3 цаг – 49,7 %, 3-5 цаг – 28,8%, 5-7 цаг – 8,6%, 7-с дээш цаг 5,3%. Энэхүү үзүүлэлтээс харахад монголчууд завгүй юм шиг хэрнээ зурагтны өмнө хангалттай их цаг зарцуулдаг нь харагдаж байна. Та харин хэдэн цагийг зурагт үзэхэд зарцуулдгаа санаад дараах хэсэгт анхаарлаа хандуулна уу. Телевиз хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг вэ? Телевиз товчхондоо маш том нөлөөллийг хэрэгсэл болдог. Хүмүүс телевизээс зөвхөн мэдээлэл аваад өнгөрдөггүй, тэр доторх үйл явдал, хүмүүстэй өөрсдийгөө ухамсаргүйгээр адилтган, заримдаа шүүмжлэлтэй, харин ихэнхидээ тэдний нөлөөнд автаж байдаг. Телевиз хүнийг ховсддог. Түүхэн үүднээс авч үзвэл эртний хүмүүс галруу харж суухдаа тодорхой хэмжээний ховсод орж, орчин тойрноосоо хөндийрч, нэг ёсондоо тайвшралыг олдог байжээ. Энэ тухай францийн алдарт гүн ухаантан Гастон Башляр “галын психоанализ” хэмээх бүтээлдээ дэлгэрэнгүй дурдсан байдаг. Тэрээр тэмдэглэхдээ, галруу ширтэх нь хүмүүсийн мөрөөдлийг дэвэргэж, зөвхөн өөртэйгээ байх, бясалгах, амрах анхны билэг тэмдэг нь болж байсан байна. Харин орчин цагт тэрхүү “гал” нь телевиз болон хувирчээ. Телевиз нь галтай адил гэр бүлийн хүрээний анхаарлыг татах төв, “амьдралын бэлэг тэмдэг”, ховсдолтын “түлхэх хүч” болжээ. Тэгэхээр нэг талаараа телевиз бидэнд орчны ачааллаас түр ч гэсэн салгаж, амрааж байдаг ачтан гэлтэй. Харин нөгөө талаас өөрийгөө хянах хяналтаас салгаж орхидог байх юм. Та цаг алдаж, амрах цагаа хороож байгааг мэдсээр байж телевизээр гарах “савангийн дууриудыг” үздэггүй гэж үү? Тэгэхээр тэр цуврал кино таныг ховсдсон хэрэг бишүү. За энэ ч бас “гэмгүй ховс” гэж хэлж болно. Үүнээс ч илүү түлхэц, цочроол үзүүлэх нь бий. 1979 онд Америкт нэгэн гэгч хүн зурагныхаа өмнө сууж байсан танихгүй нэгэн эмэгтэй онгорхой цонхоороо буудан хороосон хэрэг гарсан байх юм. Мэргэжилтнүүд түүнээс дараа нь яагаад ийм үйлдэл хийх болсныг тодруулахад тэрээр “Би мэргэн буудагч гэдэг кино үзсэн, гэтэл гэнэт намайг нэг хүч дотроос хатгасан. Нэг мэдсэн ийм явдал болчихсон” хэмээн хариулсан байна. Энэ төрлийн олон олон тохиолдлууд гарсан, бас гарсаар байдаг. Тэгэхээр телевиз гэгч ямар их ятгах увьдастай нь харагдаж байна. Телевиз хүнийг яг хар тамхи мэт донтуулдаг. Телевиз химийн дайралт хийдэггүй ч гэлээ ямар нэгэн хар тамхи шиг донтуулах нөлөө үзүүлэх чадалтай байдаг /Мария Винн, мэдээллийн системийн онолч, америк/. Хүмүүс телевиз үзэж байхдаа бодит ертөнцөөс тодорхой хугацаагаар хөндийрч, тааламжтай, идэвхигүй байдалд ордог бөгөөд түгшүүр, халамж анхаарал маань хаа нэгтэй яг л хар тамхи эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн мэт гэнэт алга болдог байна. Архи хэрэглэсэн хүн өөрийгөө хянаж байна хэмээн бүүдэг бадаг ухамсарладаг шиг телевиз үзэж байгаа хүн ч өөрийгөө хянаж байна хэмээн санадаг. Телевиз үзэх зуршил нь цаг хугацааны мэдрэмжийг алдагдуулдаг. Ингэснээрээ бодит байдлыг хүртэх чадварыг бууруулдаг, ялангуяа харилцааны ур чадварт нилээн сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байдаг. Зурагтны өмнө олон цаг зарцуулсан хүмүүс амьд харилцаан дээр асуудал үүсгэдэг тохиолдлийг та ч өөрөө анзаарч байдаг буй за. Орчин үеийн сэтгэл заслын туршлагаас харахад видеомания буюу дүрсэд донтох хүмүүсийн тоо ихэссээр байгаа юм. Энэхүү бүлэгт 2 төрлийн насны ангиллыг илүү онцолж болохоор байна. Үүнд: 16 нас хүртэлх хүүхдүүд, ахмад насны хүмүүс буюу тэтгэвэрийн насныхан. 2-р ангилалынхны хувьд тэдэнд чөлөөт цаг хангалттай олддогт байгаа юм. Ялангуяа хүүхдийн сэтгэцийн хөгжилд телевиз үзэхийг хор зуршил болгосноор маш хортой нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл зурагтыг “хэтрүүлэн хэрэглэх” нь маш том муу үр дагавартай. Мэдээж эцэг эхчүүд хүүхдүүдээ зугаацуулах гэж, мөн оюуныг нь хөгжүүлэх гэж цэнхэр дэлгэцний урд суулгаж эхэлдэг. Харин удаан хугацаагаар хүүхдүүд телевизын ард сууснаар дараах нөлөөлөлд өөрийн мэдэлгүй автдаг. Тухайлбал: Хүүхдийн төсөөлөн бодохуйн хөгжилд аюул тулгардаг. Германы мэдрэлийн эмч Петер Винтерштайн /Peter Winterstein/ 17 жил 5-6 насны хүүхдүүдийн зурсан зургийг судлаад “хүүхэд цэнхэр дэлгэцийн өмнө хэр их цаг зарцуулна, төдий чинээ зурсан зураг дээрх деталь, баялаг байдал, илэрхийллийн тоо цөөрдөг” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Анхаарал төвлөрөлтийг сулруулдаг. Шинэ Зеландын эрдэмтэд 1972-1973 онуудад төрсөн хэсэг хүмүүсийг 30 жилийн турш судалж ажиглажээ. Тэдний ажигласнаар, хэр эрт бөгөөд их цаг хугацааг зурагтны өмнө өнгөрүүлж байсан хүмүүс хожим нь боловсролын түвшин төдий чинээ доогуур байсан байна. Нойр муутай болгодог. Хүний амьдарч буй нийгмийн орчин хэдий нөлөө үзүүлдэг боловч үүнээс үл хамааран өдөрт 3 цагаар зурагт үзсэн 13 настай өсвөрийнхөнд нойртой холбоотой илт мэдэгдэхүйц асуудал /нойргүйдэл, хар дарж зүүдлэх, унтахаас өмнө олон цагаар хөрвөөх гэх мэт/ үүсч байгааг мөн холбогдох судалгаа харуулсан байдаг. Таргалуулдаг. Өдөрт 4-өөс дээш цагийг зурагтны өмнө өнгөрүүлснээр бие махбодын идэвхигүй байдалд орж, зурагтаар байнга сурталчлах илчлэг ихтэй хоолыг харж идэх хүсэлд өөрийн эрхгүй автаж зурагтны өмнө идэх дуршилтай болж энэ нь ч ирээдүйд хадгалагдаж үлддэг. Та магадгүй анзаарсан байх, телевизийн хөтөлбөрийг хэт олон цагаар үзэх нь зөвхөн хүүхдүүдэд бус томчуудад ялгаагүй дээрх сөрөг нөлөөнүүдийг учруулдаг. Тэгээд зурагт үзэхгүй байх нь дээр үү? Яалаа гэж, үзэх хэрэгтэй. Гэхдээ зөвхөн шаардлагатай мэдээллээ, шаардлагатай хугацаагаар л үзэх нь зүйтэй юм. Хүн өлссөн үедээ аливаа зүйлд тун шүүмжлэлтэй ханддаг, тиймээс зурагтныхаа өмнө цатгалан гэдэстэй суувал танд тус болох талтай. Зурагтны өмнө бүү унт. Таныг унтсан хойно ч гэсэн мэдээлэл таны ухамсаргүйд бичигдсээр танд таагүйхэн ул мөрөө үлдээсээр байдгийг санахад илүүдэхгүй. Тархи, толгойгоо амраах тусгай дасгалуудыг хийж байвал таны тархинд хуримтлагдсан “вирусуудыг” устгаж, цэвэрлэх боломж бүрдэнэ. Хэрэв таны ойр орчимд хүүхэд байгаа бол: 1 наснаас өмнө зурагт үзүүлэхгүй байж болно. 1-с өсвөр нас өнгөртөл нь өдөрт 1-с илүү цаг зурагт үзэхийг зөвшөөрөх хэрэггүй. Үүнийг Америкийн педиатрийн холбооноос зөвлөсөн. Сургуульд явахаас нь өмнө зурагт бүү үзүүл. Учир нь хүүхдийн тархи хэт эрт ачааллаж эхэлдэг, харин сургууль дээр тэр хүч нь илүү хэрэгтэй биз дээ. Хүүхдийг ямар нэвтрүүлэг, бас хир хугацааг зурагт үзэхэд зарцуулж байгааг анхаар. Салбарын судалгаанаас харахад боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлэг үздэг хүүхдүүд нийгэмд илүү баримжаагаа олдог болохыг харуулсан байдаг. Өөрсдөө үлгэр дуурайлал бол. Телевизийн хамааралтай томчууд хүүхдүүдэд сайн үлгэр дуурайлал болох нь юу л болдоо. Зуршил ер нь багаас л тогтдогийг сана. Хэрэгтэй телевизийн хөтөлбөрүүдийг нь үзүүлж бай. Одоо манайхны бараг бүх телевизийн сувгуудаар богино ч гэлээ хэрэгтэй танин мэдэхүй, боловсолд чиглэгдсэн хүүхдийн нэвтрүүлгүүд бий болсоор байна. Хэрэв танд цаг байвал хамт үзэж, агуулгынх нь талаар ярилцаж, сэтгэгдлийг нь хуваадцвал бүр ч сайн үр дүнтэй байж чадна. Таны сэтгэхүйд халдах эсэхийг та өөрөө л шийднэ. |





