Home Home
Монгол улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын сургалтын макро орчинд хийсэн дүн шинжилгээ
Monday, 21 December 2009 17:30

Доктор  Д. Цогтбаатар

Монголын Үндэсний Дээд Сургууль,

info@mnu.edu.mn

Сургалтын макро орчин гэдэгт сургалтын хөтөлбөр түүнийг  хэрэгжүүлэхэд шаардлагатай хүчин зүйлс, гадаад  орчинг ойлгоно. Сургалтын хөтөлбөр буюу кирриклюм нь  ямар нэг тодорхой зорилго чиглэлтэйгээр сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад чиглэгдэнэ. [3] Гадаад улс орнуудын болон манай улсын боловсролын байгууллагуудын сургалтын менежментийн стратеги, төлөвлөгөө зэргээс үзэхэд  дараах хоёр хандлага байна.[8], [9],  [10].

Үүнд:

  1. Мэргэжлийн загварт тохирсон сургалтын төлөвлөгөөтэй, түүнд тодорхойлогдсон хичээлийн хөтөлбөрүүд, үнэлгээний  тогтолцоотой сургалтын менежмент
  2. Мэргэжлийн загварт тохирсон сургалтын хөтөлбөртэй, түүнтэй уялдсан үнэлгээний механизмтай сургалтын менежмент

Эдгээр арга замын үр дүнг мэргэжлийн стандарт болон бэлтгэн гаргаж буй мэргэжилтний чанараар хэмжинэ.

Тэгвэл, эндээс манай улсын хэмжээнд мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 20 гаруй их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургуулийн хэд нь Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг Стандарчилал хэмжил зүйн газрын үндэсний зөвлөлөөр  батлагдсан мэргэжлийн стандартаар сургалт явуулдаг вэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Судалгаанаас үзэхэд  нийт 10 гаруй  мэргэжлийн  сургалтын төлөвлөгөөгөөр сургалт явуулдаг боловч 2009 оны 10 сарын байдлаар Стандартчилал, хэмжил зүйн газарт мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр  ердөө 6 мэргэжлийн стандарт байгаа юм. Эндээс мэргэжлийн стандартгүй сургалтууд явагдаж байгаа харагдаж байна. Мэргэжлийн стандартын асуудлыг цэгцлэхийг цаг үе биднээс шаардаж байна.

Мэргэжлийн чиглэлийн сургалт явуулдаг сургуулиуд үүсгэн байгуулагдаж, хөгжлийн эхний алхмууд хийж байх үед боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага-БСШУЯ нь мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг баталж, сургалт үнэлгээний асуудлыг эрхэлж байсан нь /одоо ч байгаа/ зүй ёсны асуудал юм. [2]

 

2004 оноос Монгол улсын засгийн тохируулагч агентлаг-Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар байгуулагдсан нь мэдээлэл харилцааны технологийн мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдсэн гэж болно. [8].  Энэ байгууллага нь мэдээлэл харилцааны технологийн мэргэжлийн бодлогыг барьдаг эрх бүхий байгууллагын хувьд бэлтгэн гаргаж буй энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн чанар, үнэлгээнд хяналт тавих, мэргэжлийн стандартыг гаргах зэрэг үүргийг гүйцэтгэж болох юм.

 

Мэргэжилтэн бэлтгэх одоогийн процедур нь дор зураг 1 дээр  үзүүлснээр явагдаж байна.

 

Зураг 1. Сургалтын макро орчны өнөөгийн байдал.

Их, дээд сургуулиуд  тухайн мэргэжлийн сургалтын төлөвлөгөө боловсруулж, БСШУЯ-аар батлуулан сургалт явуулдаг. БСШУЯ нь их, дээд сургуулиуд дээр боловсруулсан боловсролын болон мэргэжлийн стандартыг Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулж хэрэглээнд оруулдаг. Стандартчилал хэмжил зүйн газар нь батлаглагдсан стандартуудыг буцаагаад их, дээд сургуулиудад болон багш, эрдэм шинжилгээний ажилтнуудад өндөр үнээр борлуулдаг. Энэ нь оюуны бүтээлийг үнэлж байгаа нь сайн хэрэг боловч уг бүтээлийг хүмүүсээс бараг тодорхой үнэлгээгүйгээр, ажил үүргийн шугамаар хийлгэж аваад буцаагаад борлуулж байгаа нь зохисгүй зүйл гэж үзэхээр байна. Энэ нь магадгүй шинэ ба хуучин тогтолцооны зөрчил байж болно.

Нөгөө талаас энд мэргэжлийн сургалт, судалгааны асуудалд мэргэжлийн бодлого барьдаг байгууллагын оролцоо төдийлөн харагдахгүй байна. Тодруулж хэлбэл, мэдээлэл харилцаа холбооны технологийн газар.

Эдгээр асуудлыг шийдэхэд  дараах гарц байж болох юм. Юуны түрүүнд, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт боловсруулдаг, үнэлгээ, судалгаа хийдэг байгууллагыг тусад нь бий болгож, сургалтын орчны макро бүтцийн бүрэлдэхүүн хэсэг болгох хэрэгтэй байна. Энэхүү байгууллага нь судалгаа эрхэлдэг хувийн хэвшлийн пүүс, компани аль эсвэл төрийн бус байгууллага байж болно.  Эсвэл стандартчилал хэмжил зүй газарт дээр дурдсан үүрэг бүхий сектор ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна. Орон зай нь үгүйлэгдэж буй тэр байгууллагыг одоохондоо виртуаль байдлаар  “Судалгааны төв” гэж нэрлэе. Энэхүү байгууллага нь их, дээд сургуулиудын захиалга,  БСШУЯ, Мэдээлэл харилцаа холбооны технологийн газрын зааврыг үндэслэн  үүргээ гүйцэтгэж,   туршилт, судалгаа, үнэлгээний ажил эрхлэх үндсэн үүрэгтэй байх юм. Энэ тохиолдолд их, дээд сургуулиудын сургалтын макро орчны дараах загвар гарах юм.

Зураг 2. Сургалтын макро орчны дэвшүүлж буй загвар

Сургалтын макро орчны энэхүү загвараар мэдээллийн технологийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хангаж хөгжих магадлал ихтэй бөгөөд заах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшиж буй өнөө үед үр ашигтай хувилбар болох нь дамжаагүй.

Энд сургууль бүр мэргэжлийн стандарттай байхыг үгүйсгэхгүй /ер нь стандарттай байх хэрэгтэй / бөгөөд харин тэрхүү стандарт нь дээрх процедураар гарч ирсэн минимум гэж болох стандартыг хангах хэрэгтэй. Ингэснээр бид нийгмийн захиалгад нийцсэн мэргэжилтэн бэлтгэж чадна.

Сургалтын макро орчны судалгааны хоёр дахь чухал асуудал бол сургалтын төлөвлөгөөний бүтэц юм. Сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлүүд нь  Монгол улсын “Дээд боловсролын тухай” [2] хуулийг үндэслэн дараах хэсгүүдээс бүрддэг. Үүнд:

А. Ерөнхий суурь хичээл

Б. Мэргэжлийн суурь хичээл

В. Мэргэшүүлэх хичээл

Г. Сонгон суралцах хичээл.   [1]

БСШУЯ нь их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөг батлахдаа А, В хэсэг тус бүрийн эзлэх кредит нь бүх кредитийн 30%, Б, Г хэсгүүд нийлээд 40% байх зарчмыг баримталдаг. Энэ нь үндсэндээ сургалтын төлөвлөгөөний бүх кредитийн 70%-ийг мэргэжлийн бэлтгэлд зориулж байна гэсэн үг. Энэ нь хангалттай тоо гэж болно. Гэвч асуудлын гол нь энэ 70% нь мэргэжлийн байгууллагын ямар ч хяналтгүйгээр явагдаж байгаа төдийгүй тухайн их, дээд сургуулиудын сургалтын микро орчин буюу тодруулж хэлбэл, тухайн сургуулийн материаллаг бааз, багшлах боловсон хүчний чадавхи, боломж бололцоогоос шууд хамаарч шийдэгдэж байна. Энэхүү доголдлыг арилгахын тулд дээрх Зураг 2-д үзүүлсэн сургалтын макро орчны процедурт байгаа судалгааны төвийг түшиглэн уг асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байна.

Ихэнх их, дээд сургуулиудын “Компьютерийн прорам  хангамж” /индекс D480200/ мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь хичээлийн хэсэгт  компьютерийн техникийн арифметик ба логик үндэс бага тусгагдсан байна. [1]. Үүнийг сургалтын төлөвлөгөөний “ерөнхий суурь хичээл” хэсэгт ихэвчлэн тусгагддаг “Компьютерийн хэрэглээ”, “Мэдээллийн технологи, мэдээллийн системийн үндэс” зэрэг хичээлүүдийн оронд “Компьютерийн үндэс” нэртэйгээр оруулж өгөх нь зүйтэй. Ер нь бүх шатны сургуулиудад ордог “Компьютерийн хэрэглээ” хичээлийн агуулга, арга зүйг эргэж харах, давхардлыг арилгах цаг болжээ.

Мөн мэдээллийн процессын онол практикийн асуудлууд орхигдоод байгааг анхаарах хэрэгтэй байна.

Мэргэжлийн сургалтын паргаматик талыг түлхүү авах, мэргэжилтний чадварыг нэмэгдүүлэх үүднээс “Үйлдлийн систем ба сүлжээний үндэс” хичээлийг мэргэжлийн суурь хичээлээр оруулж өгөх нь зүйтэй. [4].

Төгсгөн гаргаж буй мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нэг арга зам нь курс, дипломын ажил, програм хангамжийн төсөл, үйлдвэрлэлийн дадлагыг чанаржуулах, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах явдал юм. Эдгээр ажлыг мэргэжлийн байгууллагууд, пүүс, компаниудтай хамтран явуулах хэрэгтэй. [6]. Зарим сургуулийн сургалтын төлөвлөгөөнд курсийн ажлыг кредитээр үнэлэхгүй болгосон нь энэ ажлын ач холбогдлыг байхгүй болгож байна.

Мэргэжилтний чанарт нөлөөлөх дараагийн хүчин зүйл бол улсын буюу төгсөлтийн шалгалтыг зохион байгуулж байгаа арга хэлбэр юм. Эдгээр шалгалт нь ихэвчлэн суралцагчдын мэдлэгийг шалгах хэлбэртэй болоод байна. Гэхдээ зарим сургууль дээр улсын шалгалтыг “Програм хангамжийн төсөл” маягаар ажил  хамгаалдаг сайн талууд байгаа юм. Мэргэжлийн стандартын хяналт туйлын сул байгаагаас улсын шалгалт нь жинхэнэ утгаараа байхгүй болжээ. Тухайн сургуулийн төгсөх ангийн шалгалтын комисст бусад сургуулийн багш нар орж ажилласнаар уг шалгалт нь улсын буюу төгсөлтийн шалгалт нэртэй болж байх шиг байна. Иймэрхүү гажуудал байсаар байх уу?

Дүгнэлт, санал.

  1. Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудын сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөр, стандарт зэргийг боловсруулдаг, шинжилдэг судалгааны төв байгуулах шаардлагатай байна.
  2. Сургалтын төлөвлөгөөний мэргэжлийн суурь хичээл хэсэгт “Компьютерийн үндэс”, “Үйлдлийн систем ба сүлжээний үндэс” зэрэг  хичээлүүдийг оруулж өгөх
  3. Мэдээллийн процессын онол практикийн асуудлуудыг сургалтын хөтөлбөрт тодорхой зааж оруулах
  4. Курсийн ажлыг кредиттэй болгож чанаржуулах
  5. Үйлдвэрлэлийн дадлагын баазтай болж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн нэгдлийг хангах
  6. Улсын шалгалтын комиссын бүрэлдэхүүн, шалгалтын хэлбэр, агуулгыг  БСШУЯ, Мэдээлэл харилцаа холбооны технологийн газраарбатлуулж авдаг журамтай болох.

Ном зүй

  1. Монгол Улсын стандарт. Дээд боловсрол. Мэргэжлийн чиглэл: Компьютерийн програм хангамж, Индекс: D480200, Албан хэвлэл, Стандарчилал, хэмжил зүйн газар, УБ, 2009 он.
  2. Монгол Улсын Боловсролын тухай хуулиуд, БСШУЯ, УБ, 2002 он.
  3. Ц.Лувсандорж  “Киррикюлим ба киррикюлим талбарыг тодорхойлох асуудалд”   Сургууль, соёлын хөгжлийн шинэ чиг хандлага, киррикюлим  хөгжлийн онол арга зүй. УБ. 2002 он.
  4. Н.Нэргүй,У.Доёд “ Прагматик сургалтын хөгжлийн стратеги” Сургууль, соёлын хөгжлийн шинэ чиг хандлага, киррикюлим хөгжлийн онол арга зүй. УБ. 2002 он.
  5. “Боловсролын шинэчлэлийн онол, арга зүйн асуудлууд” БСШУЯ.БХ.УБ.2006 он.
  6. Л.Чойжоованчиг, Мэдээллийн технологи ба боловсрол, УБ, 2006 он.
  7. Ц.Чимэдлхам, ЕБС-ийн мэдээлэл зүйн сургалт, УБ, 2006 он.
  8. А.Батжаргал, МХТ-ийг боловсролд нэвтрүүлэх талаар дэлхийн улс орнуудад хийж байгаа ажил, цаашдын чиг хандлага, УБ, 2006 он.
  9. ICT Masterplanning for Education: Singapore's Experience Dr. Thiam-Seng KOH       Director, Educational Technology , Singapore Ministry of Education 20 June 2006
  10. Сборник научных трудов Международной научно-практической конференции        14-21сентября 2007 г. , Турция.
 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.